Содура ба цаатангуудын тухай.
Хэдэн жилийн өмнө “Содура” киног үзээд усан нүдэлснээ энд нуух юун. Содура кино нь миний ойлгосноор цөөнх ястан болох Цаатан хүмүүсийн аж байдал, ёс заншил болоод биднээс хором хормоор алга болон устаж буй “тэдний” тухай “бидэнд” ойлгуулсан кино байсан. Хамгийн их сэтгэлд үлдээд гарч өгөөгүй надтай цуг тороод үлдсэн зүйл бол киноны дуу юм. Яг энэ хоромд UBS телевизийн хөтлөгч байсан П. Одгэрэл эгчийн үгийн сонголт, авьяас билгийг шагшин магтая. Яаж энэ хорвоо дээрээс Хөвсгөл нутгийг, тайга болоод Содурагийн тэр нандин хайрыг илтгэх тийм чамин үгсийг бодож олоод ийм үзэсгэлэнтэй шүлэг бичсэн юм бол ? Энгийн бүхэн агуу, агуу бүхэн энгийн гэдэг бус уу ? Заавал Эмили Бронте, Виктор Хюго, Пушкины шүлгүүд л үзэсгэлэнтэй байх ёстой билүү ? Олон шүлгийн ном уншиж, шагайж яваагүй ч өчүүхэн миний мэдрэмжээр П. Одгэрэл маш гоё үгсийн цуглуулгатай шүлэг бичдэг.
“ Уулзах л ёстой учирлыг
Хорьж дийлэх гэж зүтгээгүй
Хүрч чадахгүй хол замыг
Зүүдэндээ би туулсан...”
Хэзээ ч Хөвсгөл нутгийнхаа тайгад очиж үзэж байгаагүй ч энэ үг, аяийг сонсвоос цэнхэрлэн харагдах тэр нууцлаг тайгад хиргүй сэтгэлээр Содураг хайрласан хоёр залуу болоод хагацал гунигт зүрх нь дасч амжаагүй бяцхан охин нүдэнд үзэгдэхээр. Цаатангууд бол биднээс алсран одож буй бидний нэг хэсэг, биднээс өөр цаг тоололд, арга билгийн ертөнцөд амьдралийг өөрөөр танин оршиж буй хүмүүс. Би хэдий шинжлэх ухаанд итгэдэг ч өөрийн гэсэн сүсэг бишрэл бас бий. Тиймдээ ч бөө мөргөл гэх нууцлаг сонин ертөнцтэй холбоотой тэдгээр хүмүүсийн тухай элдэвийн баримтат кино, нэвтрүүлэг үзсэний ихэнх нь Франц, Англи хүмүүс бэлтгэсэн нэвтрүүлгүүд. Цаатан хүмүүсийн амьдралын гол чухал зэмсэг нь ердөө л цаа буга нь юм билээ. Цаа бугаа дагаад л хөвч тайгадаа нүүсээр өвөл, хавар, зун, намар дөрвөн улирал ээлжилж хорвоогийн өдөр хоногуудийг өнгөрөөдөг хүмүүс гэх.
“ Удган нуурын уснаа
Үүрийн цолмон тольдлоо
Үүлэн нулимстай хөх тэнгэр нь
Үнэгчлэн сэрлээ…”
Эргээд бодоход үүр цайхаас өмнөх Хөвсгөл далай, түүний мандалд тусах үүрийн цолмон одны гялбаа, зөөлөн үлээх салхинд намуухан мяралзах долгио нь сэтгэлд минь үзэгдэнэ. Францын суут хөвүүн Виктор Хюго хэлсэн байдаг
“Tu n’es plus là où tu était, mais tu seras toujours là où je suis”
Чи хаа байх ёстой тэр газраа байхгүй болсон ч, би хаана байна тэнд чи үргэлж байсаар л байх болно” гэж.
Алдартай найрагчийн хэлсэн шиг зүрх сэтгэлд минь үзэгний сорви мэт үлдэх, үргэлж хамт байх эх орон минь. “Үүлэн нулимстай хөх тэнгэр” гэж ямар сайхан хэлээ вэ ? Дандаа л бороо ордог “эмо” гэхээс илүү ерөөс хур бороо нь хүртэл ер бусын сүрдмээр ордог эх орон Монголоос минь өөр газар байна уу даа гэж бодно.
Францын телевизийн суваг дээр гарсан Rendez-vous en terre inconnue буюу “Хэний ч мэдэхгүй газар уулзая” гэсэн нэвтрүүлгээр нэг жүжигчин бүсгүй Цаатан айлд очиж хэд хонон амьдрал ахуйтай нь танилцсан тухай гарна билээ. Тайга гэхээр миний нүдэнд юу төсөөлөгддөг вэ гэвээс Орос үлгэрийн номон дээр гардаг шиг үзэсгэлэнтэй хөх уулсын дунд зузаан цасаар бүрхэгдсэн тийм гэхийн аргагүй үлгэрийн гэмээр ид шидийн газар. Бас цаа бугатай. Британий консулын газар олон жил багш хийсэн нэг Англи эмэгтэй надаас Монголд цаа буга байдаг гэж үү ? гээд нүдээ томруулан их л гайхан асууж билээ. Тиймээ байдаг. Гэхдээ хүссэн үедээ хүрч чадашгүй алс хол нутагт, энгийн боловч гайхалтай нэгэн соёл иргэншлийн дунд байдаг. Байсаар ирсэн. Байсаар ч байх болно гэж би чин зүрхнээсээ хүсч байна. Учир нь би эх орны маань нэг хэсэг болсон ийм нандин хэсэг үргэлж иймээрээ байгаасай л гэж хүсч байна өөр шалтгаан байхгүй ээ.
Өөр үг хэлье гэвч эвлэж хэлэх гоё сайхан үг хайгаад олдсонгүй. Эх орондоо очихоороо би заавал баруун, зүүн тайгаар, энэ ид шидийн гэмээр газар очиж үзнэ ээ. Тэгээд дараа нь тэмдэглэлээ энд бичиж үлдээе.
Тэр болтол баяртай.
Франц улс, Марсель хотоос.